Учрал

Ням-Осор Учрал

Монгол ардын нам

УИХ-ын гишүүн Н.Учрал Нийслэлийн есөн дүүргийн багш нартай уулзаж байна

УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Уг хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал багш, эмч нарын цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдвэрлэж тэднийг төрийн тусгай албан хаагч болгох саналыг гаргасан билээ. Мөн төрийн бодлогоор багш нарыг хөгжүүлэх ёстой гэдгээ илэрхийлсэн юм. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд ч багшийг хөгжүүлэх, ажлын үр дүнг нь зохистойгоор үнэлэх зэрэг хэд , хэдэн чухал зорилтуудыг тусгасан байдаг. УИХ-ын гишүүн Н.Учрал Засгийн газрын уг зорилтыг ажил хэрэг болгох шуурхайлан эхлүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомж, бодлого шийдвэрийг санаачлан батлуулахаар ажиллаж эхэллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Учрал уг ажлын хүрээнд эхний ээлжинд нийслэлийн есөн дүүргийн багш нартай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Өчигдөр Баянгол дүүргийн багш нартай Төмөр Замын Дуу Бүжгийн Чуулганы танхимд уулзалт зохион байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн хэрэгжүүлэх гэж буй зорилт төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Уг арга хэмжээг Нийслэлийн Боловсролын газар, Монгол Залуу багш нарын холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ирэх долоо хоногт багтаан бусад найман дүүргийн багш нартай уулзалтуудыг зохион байгуулж дуусах юм байна.